Баян-Өндөр цогцолбор сургууль : сайдын тушаал 440

сайдын тушаал 440

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
 
2010 ОНЫ 2  ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол. “Боловсрол” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсны зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хангах, төрийн хэлний боловсрол эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх, соёл, урлагийн байгууллагын хүний нөөцийг сайжруулах тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор “Баян-Өлгий аймгийн боловсрол, соёлын үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, энэ асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл бус хөтөлбөр боловсруулж батлуулахаар тогтов.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанаас Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх тухай хуулийн 10.1.5-д заасны дагуу Улсын Их Хуралд энэхүү баримт бичгийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэн тэмдэглэл гаргалаа.

“Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын үр дүн, нөлөөллийг үнэлэх хэрэгсэл” гарын авлагыг эцэслэн боловсруулж, 1500 хувь, сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчныг олон нийтэд таниулах зорилготой тэмдэглэлийн дэвтрийг боловсруулж, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 700 хувь тус тус хэвлүүлэн орон нутагт түгээгээд байна.
Баг бүрийг гэр цэцэрлэгээр хангах зорилтын хүрээнд “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөр”-ийн санхүүжилтээр 100 сумын цэцэрлэгт 670,0 сая төгрөгийн өртөг бүхий 200 гэр, тавилга хэрэгсэл, тоглоом наадгай, тоног төхөөрөмж нийлүүллээ.
Монголын багш нарын 44 дэх өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан, суралцагч, хамтран ажилладаг гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, боловсролыг эрхэмлэн дээдлэгч иргэдэд хандсан мэндчилгээ дэвшүүлж, “Боловсролын салбарын онцлох амжилт, 2010 оны тэргүүлэх чиглэл” сонины нүүрийг тус тус бэлтгэж, хэвлэлд шилжүүлэв.
Монголын багш нарын өдрийн 44 дэх жилийн ёслолын ажиллагааг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төсвийн төслийг Сайдын 2010 оны 8 дугаар тушаалаар баталж, багш нарын баярыг шинэ арга хэлбэрээр зохион байгуулан сургууль, багш нарын үйл ажиллагааг нийтэд сурталчлах, тэдний нэр хүндийг өргөх, хүндэтгэл үзүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Уг ёслолын арга хэмжээг зохион байгуулахад 43.7 сая төгрөг зарцууллаа. Монголын багш нарын 44 дэх өдрөөр “Улсын тэргүүний 2 сургууль”, “Улсын тэргүүний 4 цэцэрлэг”, “Оны шилдэг 8 багш”-ийг шалгаруулж өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, хүндэтгэлийн концерт тоглууллаа. Тухайлбал, цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд бүрт сурч, хөгжих, тэгш боломжийг бүрдүүлж, тэдний оролцоог хангах, улмаар хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх замаар боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Улсын тэргүүний ерөнхий боловсролын сургууль”-ийг шалгаруулах ажлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 111 дүгээр тушаалаар баталсан “Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль шалгаруулах журам”, “Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ажлын үр дүнг үнэлэх аргачлал”-ын дагуу 2 үе шаттай зохион байгууллаа. “Улсын тэргүүний сургууль” шалгаруулалтад хот, хөдөөгийн нийт 6 сургууль материал ирүүлснээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль, Өвөрхангай аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль “Улсын тэргүүний сургууль”-аар шалгарч, Улсын тэргүүний сургуулийн батламж, хаяг, 1 сая төгрөгөөр шагнууллаа.
БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 7 дугаар тушаалаар “Улсын тэргүүний цэцэрлэг” шалгаруулах ажлын хэсгийг томилж, цэцэрлэгүүдийн материал, үйл ажиллагаатай танилцан дүгнэлт гаргаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 50 дугаар тушаалаар Увс аймгийн Тариалан сумын цэцэрлэг, нийслэлийн Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг, Булган аймгийн 4 дүгээр цэцэрлэг, Завхан аймгийн 1 дүгээр цэцэрлэгийг “2009 оны улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгаруулав.
БСШУ-ы сайдын 2007 оны 440 дүгээр тушаалын дагуу “Оны тэргүүний багш” шалгаруулах ажлын хэсгийг томилж, уг шалгаруулалтад аймаг, нийслэлээс ирүүлсэн 15 багшийн материалыг болзолын дагуу үнэлж дүгнэв. БСШУ-ы сайдын 2010 оны 42 дугаар тушаалаар 2009 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 1 дүгээр ахлах сургуулийн хими, биологийн багш Дэмбэрэлийн Үдэлгарав, 2 дугаар ахлах сургуулийн математикийн багш Жууяарын Чогмаа, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Дариймаагийн Энхтуул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн химийн багш Намсрайн Сүхбат, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Олонлог” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд нар “Оны тэргүүний багш”-аар шалгарч тус бүр өргөмжлөл,1 сая төгрөгөөр шагнууллаа.
Монголын багш нарын өдрийг тэмдэглэх 44 дэх жилийн үйл ажиллагааг тохиолдуулан БСШУЯ-аас нийт 725 багшийг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 850 багшийг “Яамны жуух бичиг”-ээр шагнаж, урамшуулав.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд 2010 онд графикийн дагуу хийгдэх үйл ажиллагаа, ажлын санхүүжилт, гарах үр дүнг тооцож, төсвийн эхний хувилбарыг боловсруулж, холбогдох төсөл хөтөлбөрийн газарт танилцууллаа. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3, 7 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны ажлыг хот, дүүргийн сонгон авсан сургуулиуд дээр эхлүүллээ. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд зохиогдох сургалт-семинарыг төсөв болон 12 жилийн сургуулийн 3, 7 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа хийхэд гарах зардлыг БСШУ-ы сайдын 2009 оны 331, 332 дугаар тушаалын дагуу Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгөөс санхүүжүүлэх саналыг уг албанд хүргүүлээд байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1-12 дугаар ангид судлах сурах бичгийн нэр, томьёолол, нэршил, хэвлэлийн хуудасны тоо хэмжээ, нэр төрлийн талаар төсөл боловсруулж, саналыг Боловсролын хүрээлэнд хүргүүлсний дээр экспертиз, редакцийн дүгнэлтэд үндэслэн ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 3, 8 дугаар ангийн сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна.
Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан багш, нийгмийн ажилтны сургалтын үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамж, арга зүйн баримт бичигт санал дүгнэлт гаргаж, хөтөлбөрийн албанд хүргүүлэв.
Эрүүл мэндийг боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төслийг эцэслэн боловсруулж дуусган санал авахад бэлтгээд байна.
АХБ-наас ирүүлсэн зөвшөөрлийн дагуу 59 нэрийн 664941 сурах бичгийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраар дамжуулан түгээх ажлын гэрээг холбогдох хэвлэлийн газруудтай байгуулан үйл ажиллагааг эхлүүлэв. Одоогоор нийт 25 гэрээ байгуулаад байна.
Сурах бичгийн талаар “Зөвлөлдөх” уулзалтыг 2010 оны 2 дугаар сар 10-ны өдөр хэвлэлийн газрууд, зохиогчид, боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Уг уулзалтад 2010 онд шинээр сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, нийлүүлэх төлөвлөгөө, 2009-2014 оны сурах бичгийн хангамжийн талаарх дунд хугацааны төлөвлөгөөг танилцуулж, БСШУ-ы сайдын тушаалаар батлагдсан сурах бичиг зохиох, хэвлэх, нийлүүлэх шинэ журмын хэрэгжилтийн талаар танилцуулж, холбогдох талуудтай санал солилцох уулзалт зохиолоо.
2010 онд зохиох сурах бичгийн жагсаалтыг Боловсролын хүрээлэнтэй хамтран боловсруулж, батлуулахад бэлэн болгосноос гадна 2010 онд шинээр сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, нийлүүлэх төлөвлөгөө боловсрууллаа.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, үнэлэх арга зүй” гарын авлага /10 х,х/-ыг боловсруулан, АХБ-ны БХХ-ийн санхүүжилтээр 1000 хувь хэвлүүлж ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хүргэлээ. Энэ арга хэмжээнд тус төслөөс 10,4 сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд ердийн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт хүргэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Зарим олон улсын байгууллагад хандан хүсэлт тавьсны дагуу НҮБ-ын Хүүхдийн Сан, Японы Хүүхдийг Ивээх Сан, Дезерет олон улсын энэрэлийн байгууллагаас Завхан, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Орхон зэрэг 9 аймгийн нийт 29 сургууль, цэцэрлэг, дотуур байрны уурын зуух болон сантехникийн яаралтай засварын ажилд зориулж 129,6 мянган америк доллар буюу 188,697,600 төгрөгийн санхүүжилтийн тусламж үзүүллээ. Мөн эдгээр хандивчлагч сургууль, цэцэрлэгүүдэд үзүүлэх тусламжийн хоёр дахь багц болгон нөхцөл байдал нэн хүнд байгаа хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд түлээ, нүүрс нийлүүлэх, дотуур байрны болон нэн хүнд амьдралтай өрхийн хүүхдүүдэд дулаан хувцас, хүнсний зүйлс, ариун цэврийн хэрэгсэл олгоход туслахаа мэдэгдлээ. НҮБ-ын Хүүхдийн Сан, Японы Хүүхдийг Ивээх Сан энэ арга хэмжээнд зориулж 222 мянган америк доллар буюу 322,212,800 төгрөгийн тусламжийг үзүүлэх юм. Цаг агаарын хүндрэлийн улмаас хөдөө, орон нутгийн боловсролын салбарт тулгарч буй бэрхшээлийг даван туулахад дээрх 3 хандивчлагч нийт 510.9 сая төгрөгийн тусламжийг дээр дурдсан аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд олгож байна.
Төрийн албан хаагчдийг 4000 айлын орон сууцны хөтөлбөрт хамруулах зорилтын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хуваарилагдсан 1680 хуваариас 1048-ыг ерөнхий боловсролын сургуулийн багш нарт, 367-г цэцэрлэгийн багш нарт  олгох хяналтын тоог сайдын тушаалаар шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн бөгөөд аймаг, дүүргүүд сургалтын байгууллагад хяналтын тоог хуваарилж, улмаар багш нарыг сонгох ажиллагаа сургууль, цэцэрлэг дээр явагдаж эхлээд байна.
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль дээр хоолны хордлогот өвчин гарсантай холбогдуулан “Хичээлийг түр хугацаагаар зогсоох тухай” БСШУ-ны сайдын 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 34, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 43 дугаар тушаал гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллалаа. Үүний зэрэгцээ “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоолны чанарт хяналт тавих, эцэг эх, нийлүүлэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судлан холбогдох байгууллагад санал тавих чиг үүрэг бүхий орон тооны бус хяналтын зөвлөл” байгуулах тухай 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 45 дугаар тушаал гаргаж орон нутгийн Боловсрол, соёлын газарт хүргүүллээ. Энэ нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоолны чанарт эцэг, эх, мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болно гэж үзэж байна.
Налайх дүүргийн Голомт цогцолбор, Шинэ гэгээ цэцэрлэгийн цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор, 80 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль, 2 дугаар цэцэрлэг дээр Алтангэрэл, Дондог, Бадамсамбуу, З.Алтай, Одбаяр, Ш.Батбаяр зэрэг УИХ-ын гишүүдтэй хамтран 2 дугаар сарын 22, 23, 25-ны өдрүүдэд ажиллав. Энэ үеэр хууль тогтоомжийн болон хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үдийн хоол, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, төсвийн төлөвлөлт, санхүүжилт, тайлагналтад тохиолдож буй бэрхшээлийн талаар Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, орон нутгийн удирдлага, нэгж байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар ярилцав.

Дээд болон мэргэжлийн боловсрол. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгуулагыг өөрчлөн байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн БСШУ-ы сайд 2010 оны 2 дугаар сарын 1-нд 36 дугаар тушаал гаргаж, төрийн өмчийн 8 их, дээд сургууль дээр ажиллах ажлын хэсгүүд байгуулав. Эдгээр ажлын хэсэг нь төрийн өмчийн дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын зарим байгуулагыг өөрчлөн байгуулах ажлыг холбогдох сургууль дээр зохион байгуулах юм. Түүнчлэн дээрх ажлын хүрээнд Батлан хамгаалахын их сургууль, Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийн сургалт эрхэлж буй мэргэжлүүдэд дүн шинжилгээ хийж, энгийн 12 мэргэжээр тус 4 сургуульд болон бусад төрийн, төрийн бус өмчийн сургуулиудын бакалавр, магистр, докторын өдөр, орой, эчнээ хэлбэрийн сургалтын статистикийг гаргав. Энэ судалгаа нь эдгээр сургуульд энгийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг өөр сургуульд шилжүүлэн суралцуулах үндэс болох юм.

“Боловсролын тухай” хуулийн 24.1.1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 74 дүгээр тушаалын хэрэгжилтийг дүгнэх 2009 оны 407 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлын  2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, “Барилгын технологийн коллеж”-ийн Удирдах зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сайдын 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тушаалаар “Барилгын технологийн коллеж”-ийн  бакалаврын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгов.

    Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Болгар Улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийг шинэчлэхтэй холбогдуулан БНУУ-д сургах оюутны тоо 4 байгааг 10 болгох, мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын сургалтад Монгол Улсад дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг элсүүлэх талаар нэмэлт оруулах санал бэлтгээд байна. Харин БНБУ-ын хувьд өрийн хэлэлцээр буюу 1 сая ам.долларын гэрээ, хэлэлцээрийн өмнө хүргүүлсэн төслийг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байгаа болно.
   
2010-2011 оны хичээлийн жилээс ОХУ-д сургах оюутны тоо, суралцуулах чиглэлийн талаар БСШУЯ-ны санал боловсруулж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Боловсрол, соёл хариуцсан аттеше О.К. Ракшаевад танилцуулав.

Монгол Улсын Төрийн сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-д оюутан сургах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ба Сангийн яам хоорондын санамж бичгийг боловсруулав. Уг санамж бичгийг байгуулснаар 2 улсын Засгийн газрын хамтарсан сан байгуулагдаж, уг сангийн зээлээр бакалаврын болон магистрын зэрэг горилох сургалтад Монгол Улсын иргэд ХБНГУ-д сурах бөгөөд монголын талын хөрөнгийг Монгол Улсын Сургалтын төрийн сангаас гаргах юм.

БНПУ /20 оюутан/, БНУУ /5 оюутан/, БНКазУ /5 оюутан/, БНСВУ /15 оюутан/-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-нд англи хэл, 2010 оны 2 дугаар сарын 25-нд мэргэжлийн шалгалт авч дуусгав.

2010 оны 2 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн II хуралдаан, семинарыг зохион байгуулав. Энэхүү хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлөөс 2010 хийх ажлын төлөвлөгөө, Үндэсний зөвлөлийн дор ажиллах мэргэжлийн салбарын зөвлөлүүдийн ажиллах журмыг хэлэлцэж баталлаа. Мөн Үндэсний зөвлөлийн бэлэг тэмдэг, логоны уралдааныг дүгнэж, вэб сайтын дизайныг хэлэлцэв. Мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүжилт, хуульд орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мянганы сорилын сангийн төслийн хүрээнд МСҮТ-д техник, тоног төхөөрөмж нийлүүлэх судалгааны ажлаар Өмнөговь аймгийн МСҮТ-д 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллуулав.

Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2009-2010 оны хичээлийн жилд гадаад орны засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын судалгааг гаргаж хүргүүлсний зэрэгцээ Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу татан буугдсан сургуулиудын талаарх мэдээлэл болон зарим сургуулийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл бэлтгэж хүргүүлэв.

Монос, Билэг, Тэнгэр, Аварга дээд сургууль, МУБоИС, Үндэсний тагнуулын академи, Хүмүүнлэгийн ухааны их сургууль,  Отгонтэнгэр их сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Гурван тамир коллеж, Кино урлагийн дээд сургууль, Дизайн урлагийн коллеж, Оюу коллежийн дипломын дугаарын захиалгыг судлан хянаж олгов.

Их, дээд сургуулийн багш, ажилтан  нарын гэрээний биелэлтийг сайжруулах тухай БСШУ-ы сайдын 2010 оны 46 дугаар тушаал гаргаж, төрийн өмчийн сургуулиуд, хувийн их, дээд сургуулиудын холбоонд хүргүүлэн яамны цахим хуудсанд байршуулав.

Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх үзэл баримтлалын төсөлд ШУА-аас санал авав. Хотхоны үзэл баримтлал боловсруулах АХБ-ны зөвлөхтэй хамтарч ажлын хэсгүүдийн уулзалт, ШУА, их сургуулиудын удирдлага, багш нартай уулзалт зохион байгуулж, санал солилцов. Хотхон байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж энэ асуудлаар Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг байгуулах чиглэлийг Ерөнхий сайдаас аваад байна.

АХБ-нд явуулах нэн тэргүүнд дээд боловсролын шинэчлэлийн ажилд туслалцаа авах санал, тооцоо, танилцуулгыг бэлтгэж сайд болон АХБ-ны төслийн багт танилцуулахаар өгөөд байна. Энэхүү саналд “Их сургуулийг хотхоноор хөгжүүлэх үзэл баримтлалын төсөл боловсруулах”, “Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлж буй туршлага судлах /БНСУ, БНХАУ-д/”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолын дагуу төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах”, “Дээд боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах”, “Элсэлтийн шалгалт авах туршлага судлах /Япон-д/”, “Дээд боловсролын шинэчлэлийн зураглал боловсруулах туршлага судлах /Сингапур-т/”, “Оюутанд сургалтын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгодог тогтолцоотой танилцах /АНУ, Тайланд/” зэрэг тулгамдсан асуудлуудыг тусгалаа.

Соёл, урлаг. Хөшөө Цайдамын музей байгуулах болон “Эх орончдын өдөр”-ийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дээр Бельги Улсад зохион байгуулагдах “Шашин шүтлэг ба худалдаа” сэдэвт үзэсгэлэнд Монголын талаас оролцуулах үзмэрийн нэрсийн жагсаалтыг гаргаж Зохион байгуулагч талд явууллаа.

Монголын Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч, Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тухай Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 269 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, яамдаас санал авахаар хүргүүлсний зэрэгцээ Монгол Улсын гавъяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чойживын Лувсанжавын мэндэлсний 80 жилийн ойг 2010 онд тэмдэглэх асуудлыг БСШУ-ы сайдын 2010 оны 69 дүгээр тушаалаар шийдвэрлэж, зохион байгуулах комиссыг байгууллаа.

Цагаан сард зориулсан “Энх мэндийн хадаг” телевизийн нэвтрүүлгийн концертыг Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран зохион байгуулж уг арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО, Халимаг, Тува, Буриад улсын уран бүтээлчдийг урьж оролцуулав.

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж, 273 ширхэг зүйлийг хосгүй, 12 ширхэг зүйлийг үнэт,  4 ширхэг зүйлийг ердийн зүйл болохыг тодорхойллоо. Монгол Улсын соёл, урлагийг 2010-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний төсөл, боловсруулах чиглэлийг боловсруулж, мастер төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалтыг зохион байгуулав.

“Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ЮНЕСКО-гоос ирүүлсэн Соёлын биет бус өвийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх баримт бичгийг 2011 онд хүлээн авах цагийн хуваарь, маягтыг үндэслэн ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх Соёлын биет бус өвийн зарим төрөл, зүйлийн жагсаалт гаргах, бэлтгэл ажлыг хариуцан гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнийг БСШУ-ы сайдын тушаалаар батлахаар бэлтгэлээ. Монголын Үндэсний уламжлалт урлагийг өвлүүлэн хөгжүүлэх талаар авах арга хэмжээний хүрээнд “Өв соёлоо хүндэтгэн дээдэлдэг Монгол түмний  бахархал үндэсний уламжлалт урлагаа өвлүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг бүх нийтийн боловсролд чиглүүлэх” зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл боловсруулж, бэлэн болгов.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой ажмилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”-ын дагуу Оросын Холбооны Улсын Москва хотод зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, мөн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Соёл, урлагийн их сургуулийн оюутан Ч.Энхтайван, Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохиогдсон олон улсын циркчдийн “Premere rampe”  наадмаас “Хүрэл алиалагч” хүртсэн уран нугараач Н.Номинтуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, О.Цэцэглэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Угаантуяа, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Б.Уянга, Н.Төгөлдөрсайхан,  Г.Энхгэрэл, Б.Алтанжин нарт мөнгөн шагнал олгох Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулан яамдаас санал авч байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр харилцан тохиролцсоны дагуу Монгол Улсын соёлын өдрүүдийг Казахстан Улсад 2010 оны 5 дугаар сард зохион байгуулах саналыг бэлтгэн хүргүүллээ. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг сайдын тушаалаар байгуулан ажилд нь оруулаад байна.

    Шинжлэх ухаан, технологи. “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх журам”-ыг Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулав. Энэхүү журмыг мөрдсөнөөр эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг сонгох, шалгаруулах, гүйцэтгэх, санхүүжүүлэхэд тавих шаардлагыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын хэрэгжилтийн явц, үр дүнгийн хяналтыг сайжруулах, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхэд зарцуулж байгаа хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд бодитой ахиц гарна гэж үзэж байна.

Улсын захиалгаар 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийг БСШУ-ы сайдын тушаалаар баталгаажуулж, уг шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. Мөн 2009 онд дууссан төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ажлын явцад хяналт тавин ажиллаж байна.

Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох ажлын хэсгийн дүнг Зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Зөвлөлийн гишүүдийн санал дүгнэлтийг тусгаж, “Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох бусад материалыг бэлтгэж, Засгийн газрын гишүүдээс санал авахаар яамдад хүргүүлэв.

Засгийн газрын 2000 оны 202 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2007 оны 359 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн биелэлтийг нэгтгэн гаргаж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэхээр шилжүүллээ.
“Эрдэм шинжилгээний залуу ажилтан нарт сайдын нэрэмжит судалгааны грант олгох журам”-ын дагуу залуу судлаачдын “Хүрэлтогоотын семинар” эрдэм шинжилгээний бага хурлаас бүтээлээрээ шалгарч сайдын нэрэмжит грантад нэр нь дэвшсэн судлаачдын материалыг хүлээн  авч дуусгалаа. Докторын дараахь судалгааны грант олгох журмын төсөл, БСШУЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүрмийн төслийг тус тус боловсруулж, нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган эцэслэн боловсруулж байна.

    Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2009 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргаж аудит хийлгэхээр Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Улаанбаатар хотын боловсролын зарим байгууллагад цалингийн сан болон бусад зардал дутагдаж байгаа тул хоёр талын уулзалтыг нийслэлийн ЗДТГ-т зохион байгуулав. Тухайн уулзалтад БСШУЯ-аас төсвийг хэрхэн боловсруулсан талаар тайлбар хийж, төсөв яагаад дутагдаж байгаа талаар харилцан ярилцлаа. Тус уулзалтаас байгууллагын төсвийг орон тоотой нь уялдуулан дахин хянаж боловсруулахаар тогтов.

Монгол Улсын 2010 оны төсөв батлагдсаны дагуу салбарын 2010 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг боловсруулан Сангийн яаманд хүргүүлээд байна. Энэ төлөвлөгөөнд нийт 46,6 тэрбум төгрөгийн 48 барилга угсралтын ажил, 6,1 тэрбум төгрөгийн их засварын ажил, 7,7 тэрбум төгрөгийн 16 багц тоног төхөөрөмжийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны 2010 оны төлөвлөгөөний дагуу боловсролын салбарт 8, соёлын салбарт 3, шинжлэх ухааны салбарт 1 тендерийг зарлаж өдөр тутмын сонинд нийтэллээ. Эдгээрийг дурдвал:

1.    Ерөнхий боловсролын сургуульд компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх;
2.    Боловсролын байгууллагад тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх;
3.    БСШУЯ-д тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх;
4.    Хүүхдийн цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх;
5.    Ерөнхий боловсролын сургуульд хөгжим, биеийн тамирын хэрэгсэл нийлүүлэх;
6.    Дотуур байрны тавилга нийлүүлэх;
7.    Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх;
8.    Багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх;
9.    Соёлын байгууллагад хөгжим нийлүүлэх;
10.    Соёлын байгууллагад тавилга нийлүүлэх;
11.    Соёлын байгууллагад автомашин худалдаж авах;
12.    Шинжлэх ухааны байгууллагад лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх.

Завхан аймгийн Хөгжмийн сургалттай сургуулийн өргөтгөлийн барилга, Дундговь аймгийн Өндөршил сумын сургуулийн барилга, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын сургуулийн барилга, Увс аймгийн Тэс сумын сургуулийн 100 ортой дотуур байрны барилга, Өмнөговь аймгийн Баяндалай сумын сургуулийн 120 ортой дотуур байрны барилга, Архангай аймгийн Хотонт сумын сургуулийн дотуур байрны барилга, Булган аймгийн Сайхан сумын 100 ортой цэцэрлэгийн барилга, Сансар судлалын музей, планетарийн барилгын тендерийн ажлыг үнэлж дүгнэлт гаргах 8 үнэлгээний хороог байгуулав. Мөн “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн санхүүжилтээр “ерөнхий боловсролын сургуулиудад гал тогооны  тоног төхөөрөмж худалдан авах”, “багш нарт зөөврийн компьютер худалдан авах” 2 багц тоног төхөөрөмжийн үнэлгээний хороог байгуулж ажилд нь оруулав.
Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар 2009 онд хуваарилсан хөрөнгийн гүйцэтгэлийг гаргаж, гүйцэтгэгч байгууллагатай тооцоо нийлсний дээр санхүүгийн нэгдсэн тайланд тусгав. Мөн худалдан авах ажиллагааны 2009 оны гүйцэтгэл, 2010 оны явцын тайланг гаргаж Сангийн яаманд хүргүүлэв.

Яамны аппаратын ажилд мэдээллийн технологийн ололт нэвтрүүлэх зорилгоор Microsoft Exchange Server болон Microsoft Office Communication Server суулгаж туршилтын журмаар ашиглахад бэлэн болгосны зэрэгцээ яамны мэдээллийн баазад 767 сургуулийн 2009-2010 оны хичээлийн жилийн хүүхдийн тоо болон ажилчдын тоо, дээр дурдсан барилгын 8, тоног төхөөрөмжийн 9 үнэлгээний хороо, тендер, бичиг баримтын бүрдэлтийн мэдээллийг оруулав. Мөн барилгын их засварын мэдээллийг харах хэд хэдэн тайлангийн маягт болон query бичив. Мөн 2008, 2009, 2010 оны хөрөнгө оруулалтын мэдээллийг харах 3-4 тайлангийн маягт, query бичээд байна.

Гадаадын зээл тусламжтай холбоотой мэдээллийн баазын загвар боловсруулж, зарим мэдээллийг оруулж эхэллээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”, “Боловсролын шинэчлэл төсөл”, Дэлхийн банкны “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” төслийн мэдээллийг оруулав.

Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 2009 оны статистик мэдээллийг нэгтгэн гаргах талаар дараахь ажлыг хийгээд байна.

1. Соёл, урлагийн салбарын 2009 оны статистикийн мэдээллийг батлагдсан албан ёсны мэдээллийн СУ-1, 2, 3, 4, 5, 6, 7, захиргааны мэдээллийн СУ-8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 маягтаар, нийтдээ 482 үзүүлэлтийн дагуу хүлээн авч хянан, нэгтгэн боловсруулж байна. Энэ асуудлын хүрээнд дараахь ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, аймгуудын Боловсрол, соёлын газар болон нийслэлийн Соёл, урлагийн газраас соёл, урлагийн салбарын 2009 оны статистикийн мэдээллийг хүлээн авч хянан нэгтгэлд оруулж байна. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлагийн 14 байгууллагаас соёл, урлагийн салбарын 2009 оны статистикийн мэдээллийг хүлээн авч нягтлан нэгтгэлд оруулаад байна. 2010 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар Улсын хүүхэлдэйн театр, Монголын үндэсний цирк, Уран зургийн галарей, Үндэсний номын сан, “Монгол кино” нэгтгэл зэрэг байгууллага мэдээгээ ирүүлээгүй байна.

2. Шинжлэх ухааны салбарын 2009 оны статистикийн мэдээллийг батлагдсан албан ёсны мэдээллийн ШУТ-1, 2, 3, 4, 5, 6, 7, захиргааны мэдээллийн ШУТ-8 маягтаар, нийтдээ 246 үзүүлэлтийн дагуу хүлээн авч хянан, нэгтгэн боловсруулж байна. Одоогоор төрийн өмчийн 24, хувийн хэвшлийн 2 эрдэм шинжилгээний байгууллага, 2 их сургуулиас ШУТ-ийн салбарын 2009 оны статистикийн мэдээллийг хүлээн аваад байна. 2009 онд шинээр байгуулагдсан ШУА-ийн харьяа Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв, Усны судалгаа, хөгжлийн хүрээлэн /хувийн/-г статистикийн мэдээнд хамруулахаар ШУТ-ийн салбарын статистикийн мэдээний маягтыг файлаар хүргүүлж заавар өгөөд байна.

3. “Боловсролын салбарын 2009-2010 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл (I)” номын файлыг бэлэн болгож, хэвлэлийн эх бэлтгүүлэхээр шилжүүлээд байна. Мөн “Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын 2008 он, 2008-2009 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл (II)” номыг хэвлүүлэн хуваарийн дагуу БСШУЯ-ны аппаратын ажилтнууд болон бусад хэрэглэгчдэд түгээлээ. Мөн сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсролын салбарын 2009-2010 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн статистикийн мэдээллийг вэб сайтад байршуулаад байна.

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлан гаргасан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”, “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”, “Зайны сургалтын үндэсний хөтөлбөр”, “Морин хуур, уртын дуу”, “Түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”, “Монгол хөөмий”, “Монгол бий биелгээ” зэрэг хөтөлбөр болон боловсролын салбарт хэрэгжиж буй зарим төслийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж байна.  

    Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 2009 оны үйл ажиллагааны тайланг хүлээн авч нэгтгэн тоон болон чанарын үзүүлэлтээр үнэлэн санал авахаар холбогдох газруудад хүргүүлээд байна.

Салбарын гадаад харилцаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр 2 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд хуралдсан “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл”-ийн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцлоо. Монгол Улс энэхүү удирдах зөвлөлд гишүүн орнуудын төлөөлөл болж сонгогдсон хоёр орны нэг бөгөөд энэ удаагийн хурлаар гишүүн орнуудад үзүүлэх тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, тусламж үзүүлэх бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн байна. Айлчлалын үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковатай албан ёсны уулзалт хийж, Монголын ард түмний биет бус соёлын өв болох хөөмийг дэлхийн соёлын биет бус өвд бүртгүүлэх асуудлын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр хатагтай Ирина Бокова монгол хөөмийг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудалд анхаарал хандуулж,  Дэлхийн соёлын өвийн төвийн шинжээчдийг  Монгол Улсад илгээхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Энэ нь үндэсний соёлын биет бус өвийг дэлхийн соёлын өвд бүртгүүлж хамгаалахад тус дөхөм болох чухал алхам боллоо.

БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр 2010 оны 2 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айлчлал хийлээ. Герман Улсад хийсэн айлчлалын үеэр БСШУ-ы сайд Германы Эрдмийн солилцооны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга К.Бодетэй уулзалт хийж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Германы Эрдмийн солилцооны алба хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг нааштайгаар үнэлж, цаашид агуулга, арга хэлбэрийг нь баяжуулах эрмэлзлэлтэй байдгаа илэрхийлж, хамтарсан тэтгэлгийн сан байгуулах талаар санал солилцов. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фрайбергийн уул уурхайн академид зочилж, цаашид  Фрайбергийн уул уурхайн академитэй хамтран Монгол Улсын ШУТИС-д уул уурхайн анги нээх, холбогдох хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Үүний үр дүнд Монгол Улсын ШУТИС-ийн уул уурхайн ангийн оюутнууд эхний 2 жилийн хөтөлбөрийг Монголдоо судлан, үлдсэн хугацааны хөтөлбөрийг Фрайбергийн академид суралцан төгсөх боломжийг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Сайд Ё.Отгонбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзан боловсролын салбар дахь Кембриджийн стандартыг Монголд нэвтрүүлэх талаар санал солилцсон байна.

Монгол Улсын Засгийн газар, Испанийн Вант Улсын Засгийн газар хоорондын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай хөтөлбөрийн төслийг боловсруулж, холбогдох газруудаас хөтөлбөрийн төсөлд санал авч, зохих өөрчлөлтийг оруулан ГХЯ-аар дамжуулан Испанийн талд хүргүүлэв.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан яам,  Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Боловсрол, шинжлэх ухаан болон залуучуудын асуудлаар 2010-2014 онд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг харилцагч талтай эцэслэн тохирох зорилгоор уг төслийг харилцагч талд ГХЯ болон Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан дахин хүргүүлэв.

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын ээлжит III хуралдааны протоколын 9 дүгээр зүйлийг үндэслэн “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Унгар Улсын Боловсрол, соёлын яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010-2013 онд хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-ний төсөлд Унгарын талд 2-4 семестрийн хугацаанд Монголын докторант, докторын зэрэгтэй судлаачдыг суралцуулах тухай хүсэлтийг Төлөвлөгөөний төслийн 7 дугаар зүйлд оруулж, Төлөвлөгөөний монголын талын төслийг ГХЯ, Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан дахин хүргүүлэв.

ОХУ-ын "Шинжлэх ухаан, техникийн жижиг үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих сан"-тай хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг боловсруулан уг төсөлд холбогдох газруудаас санал авч, ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Оросын талд хүргүүлэв.

Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, соёлын дурсгалт газар хууль бусаар малтлага хийх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдагдахаас сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн монголын талын хувилбарыг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-нд хүргүүллээ. Энэ хэлэлцээрийг БСШУ-ы сайдын БНХАУ-д хийх ажлын айлчлалын үеэр байгуулах чиглэлээр ажиллаж байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)